“Нэг өрх-Нэг ажлын баяр” аянаар 400 хүнд тусалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-08 14:54:29
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт “Нэг өрх-Нэг ажлын байр” аяныг аймгийн Засаг даргын санаачилгаар оны эхнээс хэрэгжүүлж байгаа билээ.
Арвайхээр сумын зорилтот өрхүүдэд туслах сайн дурын аянд төрийн болон төрийн өмчит, орон нутгийн өмчит бүх байгууллага хамрагдаж, нэг өрхийг сонгон тусламж, дэмжлэгийг үзүүлж байгаа юм. Сонгосон өрхүүдэд нийт 400 орчим гишүүн байгаагаас 187 нь 0-8 хүртэлх насны хүүхэд, 161 нь хөдөлмөрийн насны иргэн байгаа аж.
Өчигдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аяны үйл явцын талаар сонсгол хийлээ. 53 байгууллагаас тусалж, дэмжиж буй өрх, иргэний дунд судалгаа явуулахад хамгийн их санал хүсэлт нь тогтмол орлоготой болох, нийгмийн оролцоогоо сайжруулах, газартай, шинэ хашаатай болох, хуучнаа засч сайжруулах, гэрийн дулаалгаа сайжруулах гэсэн байв. Мөн амьдрах арга барилаа өөрчлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах, ажилтай болох, зээл авах туслалцааг ихэвчлэн хүсчээ.
Энэ хүрээнд байгууллагуудаас бүлгийн зориулалттай хүнсний ногоо тарих ажилд 84, эрүүл мэндийн үйлчилгээнд 29, түр ажлын байранд 15, байнгын ажлын байранд 5 иргэнийг хамруулж, 6 хүүхдийг дугуйлан секцэд, 9 хүүхдийг цэцэрлэгт оруулж өгчээ. 29 байгууллагаас 3,3 сая төгрөгийн хүнс, 11 байгууллагаас 1,9 сая төгрөгийн хувцас, эд материал, зургаан байгууллагаас 274 мянган төгрөгийн түлээ, түлш, дөрвөн байгууллагаас 332 мянган төгрөгийн хичээлийн хэрэглэл бүхий  тусламжийг олгосон байна.
Аяныг хэрэгжүүлэхэд ажлын байрны нийлүүлэлт бага, иргэдийн идэвх оролцоо, байгууллагуудын ажлын уялдаа дутмаг, хөрөнгө санхүүгийн асуудал хүрэлцээгүй зэрэг бэрхшээл гарч байгааг хурлын үеэр онцлов.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ