Монголын Мастеруудын III наадам Өвөрхангайд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-08 14:10:53
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын мастеруудын спортын III наадам өнөөдөр Өвөрхангай аймагт эхэллээ. 16 аймгийн 400 гаруй тамирчин уг наадамд оролцож, софтволейбол, ширээний теннис, шатар, хөнгөн атлетик, граундгольф гэсэн спортын 5 төрөлд 80 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Наадмын нээлтийг хийж, аймгийн Засаг дарга Г.Ганболд үг хэлэхдээ “Өвөрхангай бол спортын олон алдартнууд, тив, дэлхий, олимпийн медальтнууд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд төрөн гарсан спортын өлгий нутаг юм. Үүний жишээ болж, Богд сумын уугуул, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Хойлогдорж гуай маань Багануур дүүргийг төлөөлөн аймагтаа ирсэнд баяртай байна” гэлээ. Мөн 2017 оныг Өвөрхангай аймгийн ИТХ-аас “Ахмадаа дэмжих жил” болгон зарласан бөгөөд ахмадуудаа дэмжсэн олон томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэ наадам юм гэдгийг онцоллоо.
Нээлтийн үеэр Монголын Мастеруудын биеийн тамир, спорт хорооны Хүндэт тугийг Төгрөг сумын харьяат, БТСТА, волейболын спортын ОУХМ, аймгийн арслан С.Доржваанчиг, Баянгол сумын харьяат, АБТА, БТСТА, волейболын спортын ОУХМ Д.Цог, Арвайхээр сумын харьяат БТСТА, хөнгөн атлетикийн спортын мастер, цанын спортын дэд мастер Б.Баярмаа нар өргөн мандуулж, ХДТ-ын дуучид, авъяаслаг хүүхэд, багачуудаас дуу, бүжгийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүнчлэн шүүгчдийн болон тамирчдын тангаргийг уншиж, оролцогч, баг тамирчдад амжилт хүслээ.
Ахмад үеийнхэнг биеийн тамир, спортоор хичээллүүлж, чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, аймгуудаар аялуулж, найз нөхдийн хүрээллийг өргөжүүлэх зорилготой уг наадмыг энэ жил Өвөрхангайд аймгийн ЗДТГ, БТСГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бол ирэх жилүүдэд Хэнтий, Сэлэнгэ аймагт явуулна гэдгийг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар хэллээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ