М.Дашдулам: Бүх нийтээр гар тэжээл бэлтгэж “Малчдад туслах сан"-д хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-08 08:58:18
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн аюулгүй нөөцөд бэлтгэх ёстой 360 тн өвс, 80 тн тэжээлийг энэ жил Дорнод, Сүхбаатар сумдад ажиллаж буй аймгийнхаа хадланчдаас авч нөөцөлж бэлтгэнэ.

Засгийн газрын тогтоолын дагуу энэ жил аймгийн аюулгүйн нөөцөд 380 тн өвс, 80 тн гар тэжээл, сум бүр 100 тн өвс, 50 тн тэжээл сумын аюулгүйн нөөцөд нөөцлөх ёстой бол аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цаг хүндэрсэн, шаардлагатай үед өвс, тэжээлийн гурван хоногийн нөөцийг бүрдүүлэхээр болсон. Энэ дагуу аймгийн хэмжээнд 129 мянга 670,2 тн хадлан, 33 мянга 834 тн гар тэжээл бэлтгэх бөгөөд орон нутгийн нөөц боломжид тулгуурлан гар тэжээл бэлтгэх аяныг өнгөрсөн сарын 28-аас энэ сарын 15-ны өдөр хүртэл аян өрнүүлж байна.

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Дашдулам:  “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад орон нутгийн өвсний гарц таруу байгаагаас өвс тэжээл бэлтгэх бололцоо байдал үүсээд байна. Уг байдлыг аймгийн Засаг дарга үзээд  Сүхбаатар, Дорнод аймгуудтай хадлан тэжээл бэлтгэх гэрээ байгуулан өнөөдрийн байдлаар манай аймгийн 70 гаруй хадлангийн салаа тус аймгуудад ажиллаж байна.
Өнгөрсөн хавар, зун бороо хур бага орсноос бэлчээрийн ургамлын ургац тачир, гарц муу, орон нутагтаа хадлан хадах бололцоогүй болж одоогийн байдлаар Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаас хадлан бэлтгэх ажил явагдаж байна.
Үүний зэрэгцээ манай аймаг энэ жил өвс тэжээл бэлтгэх боломжгүй байгаа учраас малчид, мал бүхий иргэддээ туслах, сэтгэлийн дэм үзүүлэх гэсэн зорилгоор  аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Уламжлалт аргаар гар тэжээл бэлтгэх аян”-ыг бүх нийтийн аян болгон өрнүүлж байна. Аяны нээлтийг өнгөрсөн сарын 28-ны өдөр бүх суманд зохион байгуулсан бөгөөд энэ сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ. Мөн гар тэжээл хэрхэн бэлтгэх заавар, зөвлөмжийг аймгийн ХХААГ-аас боловсруулж сумууд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлээд байна.

Аяны хүрээнд малчин, мал бүхий иргэд нэг хонин толгойд нэг кг, байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид тус бүр таван кг-аас доошгүй, сургуулийн ахлах ангийн хүүхэд бүр гурван кг-аас доошгүй гар тэжээл бэлтгэнэ. Бэлтгэсэн гар тэжээлийг сумын мал аж ахуй хариуцсан мэргэжилтнээр дамжуулан аймгийн Хөдөө аж ахуйн газрын “Малчдад туслах сан”-д хүргэнэ. Түүнчлэн малчин, мал бүхий иргэд хадланчдаасаа өвс тэжээл хямдралтай үнээр худалдаж авах байдлаар өөрсдийнхөө нөөцийг бүрдүүлэх зорилготой байна” гэв.

Дашрамд дурдахад, аймгийн хэмжээнд энэ жил 11 мянга 278 малчин өрхөд 4,7 сая толгой мал тоологдсон. Нийт нутаг дэвсгэрийн зуншлагын байдал 17 сум маш хүчтэй гантай, долоон сум гантай, гурван сум гандуу зэрэглэлтэй байгаа аж.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ