Дархан-Уул аймаг “Ой тогтоолтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 16:17:43

“Open Mind” ХХК нь Монголдоо анх удаа “Ой тогтоолтын хөтөлбөр”-ийг Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулахаар нэг жилийн хугацаанд нийслэлийн зарим сургуулиудад туршжээ.

Бага ангийн хүүхдүүдэд шүлэг дуу цээжлэхэд, дунд ангийнханд хурдтайгаар сэтгэх, баруун зүүн тархийг тэнцвэржүүлэхэд туршилтын хичээлийн давуу тал оршиж байгаа талаар тус компанийг үүсгэн байгуулагч Э.Ууганбаатар ярилаа. Тэрбээр цаашид Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн “Оюун ухааны хэл болсон ой тогтоолтыг сайжруулах зорилго бүхий зохиолч Тони Бузаны "Ой тогтоолтын нууц" номыг албан ёсны эрхтэйгээр монгол хүний сэтгэхүйд тааруулан орчуулж гаргасан, уг номд гадаад үг цээжлэх, утасны дугаар тогтоох зэрэг ой тогтоолтыг сайжруулах 26 арга багтсан байна. Тони Бузан бол дэлхий дахинд танил болсон “Оюуны зураглал”-ийг зохион бүтээсэн нэгэн бөгөөд олон цуврал бүтээлүүдээрээ гайхалтай амжилтанд хүрсэн хүн. Тэрээр тархи болон сурах үйл явцын талаар бүтээл туурвидаг дэлхийд тэргүүлэгч зохиолчдийн нэг юм. Одоогийн байдлаар 80 гаруй ном зохиолыг бие даан болон хамтарч туурвисан  бүтээлүүд нь дэлхий дахинд 3 сая хувиар борлогдсон.Түүний "Ой тогтоолтын нууц" номыг судалснаар оюутан, сурагчид шалгалт болон ой тогтоолтын тэмцээн уралдаанд бэлдэх шинэлэг арга техник эзэмшихэд асар их ач холбогдолтой нь тогтоогдсон юм” гэв. Тус компанийн захирал Э.Ууганбаатар, аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун нар хамтарч ажиллахаар болсон тухайгаа мэдэгдлээ.

              Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ