Т.Аюурсайхан: УИХ-ын дарга асуудлыг өнөөдөрт багтаан шийдвэрлэхгүй бол Үндсэн хууль зөрчинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-06 11:44:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн УИХ-ын Ээлжит бус чуулганаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан уг саналыг өргөн барьсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийв.

Тэрбээр “УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаан Үндсэн хуулийн зөрчил рүү явж байна. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулган хэлэлцэх ёстой. Энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Хоёрдугаарт, Ээлжит бус чуулганыг зөвхөн тодорхой асуудлаар зарлана гэж УИХ-ын тухай хуульд заасан байдаг. Үүнээс өөр асуудлыг хэлэлцэх нь хориотой. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 30 гаруй гишүүний тавьсан саналын дагуу Ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдвэр гаргасан. Ерөнхий сайд болон Шадар сайдын бие биенийгээ тагнасан чагнасан гэх асуудал бол нийт 30 гишүүний огцруулах саналд огт байхгүйг тэмдэглэх хэрэгтэй. 

Огцруулах шалтгаан нь гэвэл хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Нэгдүгээрт, Концессын асуудал. Өмнөх Засгийн газрын үед хамаарах асуудал ч нэгдмэл ашиг сонирхолтой Засгийн газрын гишүүдийн аж ахуй нэгжүүдэд Засгийн газрын концессын эрхийг өгсөн. Өмнө нь өөр аж ахуй нэгжид өгсөн концессын гэрээг нэр бүхий сайд нар булаан аваад зогсохгүй төсөвт өртгийг нь олон тэрбум төгрөгөөр өсгөсөн. Тодруулбал Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын “МАК” компанид  78 тэрбум 752 сая 800 мянган төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Бямбацогтын “Алтай трейст” компанитай 77 тэрбум 695 сая төгрөг, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Засаг Чандмань майнз” компанитай  162 тэрбум 169 сая 200 мянган төгрөгийн концессын эрх олгосон тухай асуудал юм.

Хоёрдугаарт, Төсвийн хууль болоод Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн. Хүүхдийн мөнгөний асуудал дээр Төсвийн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” бол эдийн засгийн 5.3 хувийн өсөлтийг хангаж байгаа гол объектуудын нэг юм. Ерөнхий сайд дөрөвдүгээр сард 2017 оны эдийн засгийн өсөлт -0.2 байна гэж хэлж, үүний улмаас 7 төрлийн татварыг нэмж, тэтгэврийн насыг нэмсэн. Гэтэл эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна. Мөн "Эрдэнэс Тавантолгой"-г бусдад борлуулах, бүрэн ашиглахыг завдсан. Үүнийг хийхдээ олон улсын Гэрээний тухай хуульд өөрчлөлт хийж, өөрөөр хэлбэл УИХ Үндсэн хуульд заасныхаа дагуу Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах эрхийг нь хасч, УИХ-д оруулахгүйгээр "Эрдэнэс Тавантолгой"-н 49 хувийг гадны этгээдэд 400 сая ам.доллараар худалдах буюу борлуулах гэрээ хэлэлцээр хийхийг завдсаныг УИХ дээр бид зогсоосон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Монгол Улсын олон улсын зах зээлд зээлжих зэрэглэлийг хоёр удаа дараалан бууруулсан. Өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэл САА1 буюу дампуурлын өмнөх үед авчирсан. Энэ явдлыг Ерөнхий сайдын чадваргүй, удаан байдалтай холбон тайлбарлаж болно.
Мөн Ерөнхий сайд бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллаж өнөөдөр улайран хамгаалж байгааг харлаа. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Энэ асуудлаар завсарлага авах эсэхийг бүлгийн хурал дээр санал хурааж, олонх завсарлага авахгүй гэж шийдсэн. УИХ-ын дарга өнөөдөртөө багтааж энэ асуудлыг шийдэхгүй бол УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж, улмаас Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн асуудал болно” гэв.
Мөн тэрбээр УИХ-ын дарга чуулганыг өмнө нь зарлаж, зохион байгуулалт хийх боломжтой байсан гээд МАН-ын бүлгийн дарга бүлгийн шийдвэр зөрчсөн учир бүлгийн дарга байх эсэх асуудлыг хөндөж тавина гэв. Харин гарын үсэг зурсан гишүүдийг намаас хөөх асуудал ярьсан нь үнэн гээд, энэ нь МАН-ын Удирдах зөвлөл хэр зэрэг чадамжтай вэ гэдгийг харуулж байна гэлээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ