Хадлан бэлтгэх ажил 72,6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт уулын хадлан өнгөрсөн сарын 1-нээс, голын хадлан 10-ны өдрөөс эхэлсэн бөгөөд хадлан бэлтгэх ажил 72,6 хувьтай явагдаж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Малчид 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 45,7 мянган тонн өвс, 3,7 мянган тонн гар тэжээл, 7,4 мянган тонн давс, хужир бэлтгэжээ. Үүнээс өвс бэлтгэх төлөвлөгөө Алтай, Булган, Цэнгэл сумдад 90-ээс дээш хувь, Алтанцөгц, Баяннуур, Сагсай, Толбо сум, Цагааннуур тосгонд 70-80 хувь, Буянт, Ногооннуур сумдад 54-56 хувьтай явагдаж байна. Харин ургацын байдлаас шалтгаалан Бугат сумын хадлан бэлтгэх ажил хамгийн доогуур буюу 33,8 хувьтай аж.
Дашрамд хэлэхэд, аймгийн Засаг даргын 2017 оны "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай" А/359 тоот захирамжаар энэ жил 63 мянган тонн өвс бэлтгэхээр төлөвлөсөн юм. Хадлан бэлтгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ.
Ө.Нурболат