11 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүртээмж 95 хувьд хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
gantuya@montsame.mn
2017-09-05 12:52:35
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хувьд орон нутагт ашиглагдахгүй байгаа барилга байшинг ашиглах замаар цэцэрлэгийн хамрагдалтын нэмэгдүүлэх зорилгыг тавин ажиллаж байгаа. Өмнө нь Хөдөлмөрийн хэлтэс байрлаж байсан барилгыг засварт оруулж, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулахаар шийдвэрлэсэн. Тус цэцэрлэг ашиглалтад орсоноор Баруун-Урт сумын цэцэрлэгийн хүртээмж 95 хувьд хүрэх юм.

11 дүгээр цэцэрлэгийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх компани хэдхэн хоногийн өмнө шалгарсан. Удахгүй засварын ажил эхлэх бөгөөд ирэх 10 дугаар сардаа багтаан цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар зорьж байгаа аж.  Уг ажил улс болон орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр хийгдэх юм. 11 дүгээр цэцэрлэг Баруун-Урт сумын 4,6,8,9 дүгээр багийн хүүхдүүдийг авах юм. Хүүхдүүдийн бүртгэл болон багш ажилчдын сонгон шалгаруулалт удахгүй эхэлнэ. Улмаар 20 орчим ажлын байр шинээр бий болох юм.
Энэ жил аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 100 гаруй хүүхдээр, харин СӨБ эзэмшигчдийн тоо 130 орчмоор нэмэгдсэн. Таван настнуудыг СӨБ-д бүрэн хамруулж байгаа бол, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хувилбарт сургалтанд хамруулах юм байна. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгаа. Шинээр цэцэрлэг байгуулахгүй л бол бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй.  Гэтэл улс орны эдийн засгаас шалтгаалан тэр бүр шинэ цэцэрлэг байгуулж чадахгүй байгаа. Харин Сүхбаатар аймгийн хувьд ийнхүү ашиглагдахгүй байгаа барилга байгууламжийг цэцэрлэг хэлбэрээр ашиглаж, цэцэрлэгийн хамрагдалтын нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Т. Одончимэг
Холбоотой мэдээ