Дугуй түгжих, машин ачих журмыг дахин боловсруулахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-06 12:41:53

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлж таслан зогсоох, түгжрэлийг бууруулах чиглэлээр ачигч , чирэгч автомашин ажиллуулах тухай хэлэлцлээ.

Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар баталсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн. Харин 2013 оноос Замын хөдөлгөөний удирдлагын төвийн харъяанд ачиж журамлах алба байгуулж ачиж журамлах үйл ажиллагааг  хэрэгжүүлсэн. 2014 оноос эхлэн ЗЦГ-тай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулан замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдын хөдөлгөөнд саад болж зогссон тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлөөр ачиж зөөвөрлөгдсөн тээврийн хэрэгслийн судалгааг сүүлийн гурван жилээр гаргахад 2013 онд 8994, 2014 онд 32481, 2015 оны 8 дугаар сарын байдлаар 34218 байна. Харин нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих арга хэмжээ авах нийслэлийн Засаг даргын захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх ажиллагааг түр түтгэлзүүлэх шийдвэр гарсны дагуу  09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зогсчээ. Иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах  байдал эрс буурч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу түр зогссоны дараа дахин байршуулах тохиолдол нэмэгдсэн гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах  ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн зохих журмыг боловсруулан НИТХ-д өргөн барихаар боллоо. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ