Монгол, АНУ, Япон Улсын ГХЯ-д хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2017-08-30 16:15:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ, Япон Улсын ГХЯ-д хоорондын 3 дахь удаагийн гурван талт уулзалт  Улаанбаатар хотноо боллоо.

Энэхүү уулзалтыг
Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Америкийн талаас Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч Л.Стоун, Японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар тэргүүлж оролцсон юм.



Уулзалтаар гурван талын нийгэм, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, бүс нутгийн интеграци, Улаанбаатарын яриа хэлэлцээ болон олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон байна.

Тус уулзалтын өмнө Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс уулзалтын ач холбогдлын талаар сонирхсон юм. Тэрбээр, “АНУ болон Японы хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн Монгол Улсад өрнөх бүтээн байгуулалтыг сонирхоод эхэлчихсэн. АНУ болон Япон улс нь Төв Ази буюу Зүүн хойд Азийн бүс нутагт эдийн засгийн  харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэл сонирхол байдаг учраас уг асуудлаар бид нэлээд дэлгэрэнгүй ярилцана.  Монгол Улсын эрхэм зорилго бол АПЕК-ийн гишүүн болох, Зүүн Азийн дээд хэмжээний ажил хэргийн түншлэл бий болгох зорилт юм. Энэ бүтцэд Монгол Улс нэгдэх боломж  нээлттэй байгаа. Энэ бүсийн хувьд голлох түнш гуравдагч орон нь АНУ, Япон Улс юм. Иймд дээрх бүтцэд нэгдсэнээр эл хоёр улстай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм болох юм.  Мөн энэ жилийн хувьд онцгой үйл явдал болж байна. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа юм. Бид бүтэн жилийн турш хоёр талаас олон арга хэмжээ зохион байгуулсан.  Монгол  Улсын Их хурлын дарга Япон Улсад айлчлахдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндсөн. Японы талаас эдийн засгийн боломжууд байгааг онцолсон. Бид энэ уулзалтын дараа ярилцсан асуудлаараа хамтарсан мэдэгдэл гаргана” гэлээ. 
Холбоотой мэдээ