Дорнод аймаг эрүүл мэндийн салбартаа баримтлах урт хугацааны бодлогын баримт бичигтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-24 14:39:42
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн эрүүл мэндийн газраас “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулж, ИТХ-аар баттууллаа.

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн тус хөтөлбөр нь 2017-2026 онуудад хэрэгжих урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Мөн оны эхний байдлаар аймгийн эрүүл мэндийн газраас хэд хэдэн ажлыг зохион байгуулжээ. Тухайлбал, 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан БОЭТ-ийн дэргэд “Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх төв”-ийг байгуулсан байна. Тус төвөөр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлыг хийх юм.

Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн  иргэдийн 46.7 хувь нь эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаад байна. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд тусгаснаар  алслагдсан нутгийн  иргэдийн 70.5 хувьд явуулын эмнэлгээр төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлсний зэрэгцээ сум дундын хоёр эмнэлэгт шүдний кабинетын тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болгосон аж. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нараа чадавхжуулах зорилгоор БНСУ-ын АСАН эмнэлэг, Тайвань улсын эрүүл мэндийн холбоотой хамтран ажиллаж, сургалт төлөвлөөд байгаа тухайгаа Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа ярилаа.
Д.Дэлгэрмаа
                                                                                   
Холбоотой мэдээ