Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар алдаагаа өөрсдөөсөө л хайх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-23 17:29:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Танай намын гишүүд шударга ёсыг эрхэмлэнэ гэж Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьсан. МАН-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэрэг нийгмийн дунд эргэлзээ төрүүлээд байна. Хариуцлага тооцох уу?
-Хэрэв үнэхээр тийм зүйл болсон бол УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй. Тийм учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулаад эцэслэн шийдэх ёстой. Хэнтий аймгийн нийт сонгогчдоос уучлалт гуйх ёстой гэж би Д.Гантулга гишүүнд хэлсэн. Харин Гантулга гишүүн ийм зүйл болоогүй, хууль хяналтын байгууллага тогтоох ёстой гэсэн. Тэгэхээр хуулийн байгууллагаар тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой гэж би бодож байгаа. Яагаад гэвэл энэ бол ёсзүйн том асуудал. Харин улс төрийн явуулга байсан бол мөн л тогтоолгох ёстой.

-“60 тэрбум”-ын асуудал яригдахад таныг байлцсан гэж иргэн А.Ганбаатар мэдэгдсэн. Үүнд тайлбар өгөөч?
-Тэр бичлэг бол 2014 оны 9 дүгээр сарын 8-нд хийгдсэн гэдгийг би хэвлэлээс олж мэдсэн. 2014 оны 9 дүгээр сард би АНУ-д суралцаж байсан. Тэгэхээр бичлэг хийгдэх үед байсан байх боломжгүй. Би АТГ-т очиж өөрийн байр сууриа илэрхийлсэн. “60 тэрбум”-тай холбоотой энэ асуудлыг сэдэл нь өөрөө системийн авлига. Нэг үгээр хэлбэл төрийн бүх системийг авлигад татагдан оролцуулна гэдэг бол том асуудал. Тиймээс үүнийг орхиж болохгүй. Бичлэг хийсэн үү гэвэл хийсэн. Энэ бол асуудал биш. Харин энэ бичлэг дээрх схем хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг асуудал. Тийм учраас би намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуйг ажлаа өгөөд шалгуулаач гэж уриалсан. Яагаад гэвэл, хэрэв энэ асуудлыг бид шалгуулж, шийдэж, намаасаа холдуулахгүй бол 2020 онд бид намтайгаа цуг холдоно. Илт ард түмний дургүйцлийг хүргэсэн асуудлыг МАН хаацайлбал авлигыг хаацайлж байна гэж ойлгоно. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдыг ч шалгуулаач гэж уриалсан.

-Засгийн газрыг огцруулах бичигт АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурсан уу?
-Зөвхөн МАН-ын бүлгийн гишүүд зурсан. Өөр гишүүд дэмжиж байгаа гэж бодож байна. Энэ бол түүхэнд элбэг тохиолдож байгаагүй зүйл шүү дээ. Гишүүд өрөө өрөөндөө уулзаж ярилцаж байгаад зурсан юм биш. Аргаа бараад зурсан. Энэ Засгийн газар өөрсдөөсөө л алдаагаа хайх хэрэгтэй.

-Одоо Засгийн газраа огцруулаад, 2020 онд энэ тогтворгүй байдлаасаа болоод МАН унавал гарын үсэг зурсан 30 гишүүн хариуцлагыг нь хүлээх үү?
-Тэрийг цаг хугацаа харуулна. Одоо байгаагаас илүү Засгийн газар бүрдэнэ гэж бодож байгаа. Тийм боловсон хүчин ч бий.

-Одоогийн Засгийн газрыг муу ажилласан гэвэл эдийн засгийн 5.3 хувийн өсөлтийг юутай холбож үзэж байна вэ? Ирэх жилээс бондын өрийг төлж эхэлнэ. Шинэ Засгийн газар энэ асуудлуудыг шийдвэрлэж чадах уу?
-65 суудалтай нам ялсан нь өөрөө эдийн засагт хурдтай өсөлт гарахад нөлөөлсөн. Гэхдээ бидний бодож байснаас удаж байж энэ үр дүн гарч байна. Нөгөө талаар дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөн. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт заавал орохгүйгээр шийдэж болох нөхцөл байдал байсан. Хэт удаан ажилласан учраас ийм үр дүн хожуу гарч байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ