Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-23 15:01:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барив.

Үндсэн хуулийн 43.4 дэх заалт, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтыг үндэслэн УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байгаа бөгөөд тус бичигт нийт 30 гишүүн гарын үсэг зурсан аж.

Бүлгийн гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ж.Эрдэнэбат анх томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг явуулсан. Нэг жил гаруйн хугацаанд явуулсан энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын эрх ашигт бус, цөөн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болсон. Мөн шийдвэр нь эргэж буцсан, хуулийн зөрчилдөөнтэй, эрх ашгийн зөрчилтэй шийдвэрүүд гаргаж байна. Мөн саяхан болсон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах саналыг гаргаж байна. УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байгаа тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа. Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж санал дүгнэлтээ гаргаж, УИХ-ын чуулганаар долоон хоногийн дотор байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой” гэлээ.

Шаардлагыг гардуулж өгөхдөө УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "УИХ-ын чуулганы ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүдийн 3-ны нэгээс дээш буюу 26 болон түүнээс гишүүд шаардсан тохиолдолд зарлан хуралдуулдаг. Нийт 30 гишүүн ээлжит бус чуулганыг зарлан хуралдахыг шаардаж, хавсаргасан байгаа. Тиймээс хуулийн дагуу дээдэлж энэ асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгнө гэж найдаж байгаа" гэв. 



УИХ-ын дэд дарга Я.Санжмятав бичгийг хүлээн авсныхаа дараа "УИХ-ын дарга эзэнгүй байгаа. Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шинжилгээ өгөх гээд явсан. Тийм учраас хуулийн дагуу миний бие орлож байна. Энэ асуудлыг ярилцана. Мэдээж хэрэг бусад асуудал, ажлыг алдагдуулж болохгүй. Сум баг, аймаг нийслэлд өвөлжилтийн бэлтгэл хийх ажил их байна. УИХ-ын даргатай эхлээд холбоо барина” гэсэн юм.

Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдээс Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сумъяабазар, Н.Учрал, Б.Жавхлан, Я.Содбаатар, Д.Сарангэрэл нар УИХ-ын дэд даргад өргөн барихад байлцсан юм.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “”Эрдэнэт"-ийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг, нам нь нам шиг явах цаг болсон. Чингис бонд, Самура бонд, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна. Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё" гэлээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ