Өмнөд Солонгост шавьжны хортой 7 сая өндгийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-21 17:05:39
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын шувууны 50 гаруй фермээс шавьжны хортой 7 сая орчим өндгийг хураан авч устгасан тухай тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Нидерландын фермүүдээс гаралтай шавьжны хортой өндөг Европ даяар тархсан гэх дуулиан шуугиан дэгдсэнтэй холбогдуулан улсынхаа бүх шувууны фермд шалгалт хийхийг Өмнөд Солонгосын Засгийн газар энэ сарын эхээр холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм. Уг шалгалтын дүнг албаны хүмүүс гарагт засгийн газартаа танилцуулсан байна.

Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн хэлснээр, тус улсын 52 фермийн өндөгнөөс “фипронил” хэмээх шавьж устгахад ашигладаг бодис болон бусад төрлийн бодис илэрснээр 6 сая 940 мянган ширхэг өндгийг устгажээ.

Өнөөдөр болсон засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ “Хортон шавьж устгах бодисыг хэрэглэх талаарх дүрэм журмыг чангатгах арга хэмжээ авна” гээд, нарийвчилсан шалгалт хийхийн сацуу ард иргэдийн дунд үүссэн хүнсний аюулгүй байдалтай холбоотой түгшүүрийг арилгаж, хэрэглэгчдийгн итгэлийг сэргээх арга хэмжээ авахыг холбогдох яамдад үүрэг болгосон байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ