Ачит нуурыг хамгаалалтаас чөлөөлөх санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-18 14:29:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт байрлах Ачит нуур, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагийг өргөтгөж, нийтдээ 3809,6 км2 газрыг хамгаалалтад авахаар төлөвлөж байгаа бөгөөд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын зүгээс Ачит нуурын тус аймагт хамаарах хэсгийг хамгаалалтаас чөлөөлж өгөх хүсэлт гаргажээ.

Учир нь орон нутгийн удирдлагын зүгээс Ачит нуураас төлөвлөгөөний дагуу загас агнаж, төсөвт тодорхой хэмжээний орлого оруулах боломжтой хэмээн үзжээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ жил тус нуураас 30 тн загас агнах менежментийн төлөвлөө хийж хэрэгжүүлэхээр болсон ажээ. Салбарын яамнаас дээрх хүсэлтэд одоогоор тодорхой хариу өгөөгүй байна.

Баян-Өлгий, Увс аймгийн заагт орших Ачит нуураас гарсан Усан хоолойн гол, Ховд голын Дэвэлийн арал орчмын газрыг 2000 оны УИХ-ын 29 тоот тогтоолоор Монголд ховордож байгаа гургууль, зэгсний гахай, усны минж, зэрлэг чацарганыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авсан аж. Дэвэлийн арал нь экологийн тогтоц, биологийн төрөл зүйлээр давтагдашгүй өвөрмөц нутаг бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сангаас зайлшгүй хамгаалах ёстой 200 эко бүс нутгийн нэг болох Алтай Соёны бүсэд багтаж Евразийн сэрүүн бүсийн биологийн төрөл зүйлийн томоохон төвд тооцогддог байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ