Завхан нутгаас төрсөн хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Завханы Цагдаагийн газар Завхан нутгаас төрсөн генерал, хурандаа цолтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээ Улиастай хотын төвд “Генералуудын талбай”-д зохион байгуулагдаж Улиастайн цэргийн хүрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ жагслаа. Еслолын арга хэмжээнд Завханы Цагдаагийн газрын “Энхийн харуул” хамтлаг хүндэтгэлийн урлагийн тоглолт үзүүллээ. Урилгаар Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Батхишиг, аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа, яруу найрагч П.Мягмарсүрэн, цагдаагийн хурандаа С.Цэвээнлхаазал, Дөрвөлжин сумын харьяат, АТГ-ын дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Сангарагчаа, Баянтэс сумын харьяат, цагдаагийн хурандаа Ч.Сүхээ, цагдаагийн хурандаа П.Гүррагчаа, Түдэвтэй сумын харьяат, цагдаагийн хурандаа Ж.Баатаржав, Цэцэн-Уул сумын харьяат, цагдаагийн хурандаа Ч.Аюурзана, Сонгино сумын харьяат, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Ургамал сумын харьяат, цагдаагийн хурандаа Ц.Ганхуяг, Сант сумын харьяат, цагдаагийн хурандаа Л.Даваажав, Цагаанчулуут сумын харьяат, цагдаагийн хурандаа П. Мягмарсүрэн гэсэн үе үеийн хурандаа цолтнууд гэр бүлийн хамт хүрэлцэн ирж оролцжээ.
Дашрамд Монгол Улсад 1944 оноос хойших 73 жилд 170 гаруй алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Үүнээс Монгол Улсын маршал гурав, Армийн генерал хоёр, Хурандаа генерал найм, Дэслэгч генерал 18, Хошууч генерал 107, Бригадын генерал цолтон 28 байдаг ажээ. Харин Завхан аймаг генералын тоогоороо Монгол Улсад тэргүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 18 генерал төржээ.
· Б.Мягмарсүрэн