Онцгой албаныхан 40 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-16 17:32:28
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12-р анги байгуулагдсаны түүхт 40 жилийн ой тохиож байна.

Тус байгууллагын ажилтан, албан хаагчид ойн баяраа өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд үе үеийн удирдлага, ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн санал сэтгэгдлийг нь сонсохын хамт баярын хурлаа зохион байгуулж, их үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, биелүүлж яваа тэргүүний хүмүүсээ шагнан урамшуулсан юм.
Ойгоо тохиолдуулан 40 бүтээлч ажлыг төлөвлөж эхнээс хийж байгаа гэдгийг ОБГ-ын дарга, дэд хурандаа Д.Бэхбаяр хэллээ. Тухайлбал, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гал унтраах 12 дугаар ангийн дэргэд 30 айлын орон сууц, Хархорин сум дахь Гал унтраах 45 дугаар ангийн дэргэд 40 айлын орон сууц барьж эхлүүлээд байна. Байгууллагын нөөц боломж, алба хаагчдын хандив дэмжлэгээр 14,5 сая төгрөгийн их засварыг хийжээ. Мөн “Соёмбо” амралт, сургалтын цогцолбортой болох асуудлыг шийдвэрлэн Тарагт сумын нутаг “Голын өндөр” гэх газар 2 га талбайд шавыг нь тавиад байна.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар нь 1977 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 464-р тогтоолоор “Гал команд” байгуулах шийдвэр гарч, хуучнаар Техник мэргэжлийн сургуулийн граашийг түшиглэн байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үед авто цестирн хоёртой, 24 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өдгөө Арвайхээр сум дахь Гал түймэр унтраах, аврах 12-р анги, Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45-р анги, Хархорин, Сант, Нарийнтээл сум дахь Улсын нөөцийн салбар цэгт нийт 104 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн 19 сумын нутаг дэвсгэрт гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй үйл ажиллагааг явуулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ