Баян-Өлгийн тогоочид багийн дүнгээр хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-16 14:08:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн тогоочид энэ сарын 10-14-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулсан "Баруун бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах уралдаан"-аас багийн дүнгээр хүрэл медаль хүртжээ.

Энэ талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний үйлдвэрлэл, технологи, худалдаа, нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн А.Гүлжан мэдээллээ. ХААХҮЯ-наас уг уралдааныг “Эрүүл хүнс–эрүүл Монгол хүн” уриан дор "Үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг хөгжүүлэн дэлгэрүүлэх нь" сэдэвт нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулжээ.

Үндэсний болон орон нутгийн хоол ундааг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас 10 тогооч оролцсон ба гран при хоолны төрлөөр "Бай-Өлке" рестораны тогооч Д.Арман, "Цамбагарав" рестораны тогооч Н.Сүнжидмаа нар хүрэл медаль,  европ хоолны төрлөөр “Арвин” рестораны тогооч М.Газиза тусгай байр, монгол хоолны төрлөөр хүрэл медаль, мөн тус газрын тогооч Х.Айбарша монгол хоолны төрлөөр тусгай байр, европ хоолны төрлөөр хүрэл медаль, "Цагаан хоол” хоолны уралдаанаас Нэгдсэн эмнэлгийн тогооч Д.Асемгүл хүрэл медаль тус тус хүртжээ.

"Үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг хөгжүүлэн дэлгэрүүлэх нь" нэгдсэн арга хэмжээнд 5 аймгийн 250 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд хоол үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд бие биенээсээ харилцан туршлага судлах, солилцох, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж албаны хүмүүс үзэж байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ