Эрчимжсэн мал аж ахуйг дэмжсэнээр сүү цагаан идээний үнэ тогтворжоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-15 19:18:03
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт  эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг дэмжих зорилгоор газар эзэмшүүлжээ.
Тодруулбал Алдархаан, Улиастай, Цагаанхайрхан зэрэг долоон сумын 27 иргэн, аж ахуйн нэгжид гурваас 10 га газрыг сумын  ИТХ, Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжид сүү-махны хар тарлан, алатау, симменталь үүлдрийн эрлийз 400 гаруй  үхрийг үржүүлснээр нэг үнээнээс жилд 1700-2300 литр сүү авч байна. Ингэснээр аймаг, сумын төвийн иргэд болон цэцэрлэг, сургуулийн хэрэгцээнд хямд, шинэ сүүг нийлүүлж байна. Аймгаас бодлогоор эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж буй нь  цэцэрлэг, сургуулийн хүүхдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах нөхцлийг бүрдүүлж сүүний үнийг тогтвортой байлгахад нөлөөлж байна. Өнөөдөр Завхан аймагт зах зээлийн үнэлгээгээр малчдаас бэлтгэгдэж ирсэн нэг литр сүү намар, өвлийн улиралд 2000 төгрөг, зуны улиралд 1500 төгрөгний үнэтэй байгаа бол фермерүүдээс нийлүүлэгддэг сүү литр нь 1000 төгрөгөөр жилийн дөрвөн улирал худалдан авах боломжтой болоод буй юм. Үүнийг дагаад цагаан идээний үнэ ч ялгаагүй жилийн дөрвөн улирал тогтвортой болжээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ