Булган аймагт энэ жил 10,4 мянган га талбайн ургац алдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-15 13:33:35
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид энэ хавар 42,9 мянган га талбайд үр тариа тариалсан юм. Үүнээс ургац хураалтын урьдчилсан байдлаар тогтоосон балансаар 10,4 мянга га талбайгаас үр тариа хураах боломжгүй ургац алдсан гэж дүгнэжээ.

Аймгийн хэмжээгээр 9686,6 га талбайгаас үр тариа хураан авах боломжгүй гэж үзсэн. Үүнээс ганд 8786,6 га талбайн үр тариа нэрвэгдэж, мөндөрт 900 га талбайн ургац цохигдсон. Харин 779,6 га талбайн ургацыг малын тэжээлд зориулсан хураах боломжтой гэж үзэж байгаа гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр ярив.

Орхон суманд 500, Хутаг-Өндөр суманд 300, Дашинчилэн суманд 100 га талбайн үр тариа мөндөр цохиулжээ. Мөн энэ жилийн хур бороо багатай, үр тариа соёололт, бутлалтын үед хэт халуун байснаас тал хээрийн бүсийн суманд ургац алджээ. Рашаант суманд тариалсан үр тарианы 88,7 хувь ганд нэрвэгдсэн байна. Баяннуур, Могод суманд бага хэмжээтэй үр тариа тариалсан ч энэ жилийн гангийн улмаас ургац хураахгүй болжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ