"Казах үндэстний утга, соёлын судлал" хуралд 14 эрдэмтэн, судлаач оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-14 15:28:40
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий хотод маргааш "Казах үндэстний утга, соёлын судлал" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал зохион байгуулна. Энэ талаар тус бага хурлыг санаачлан зохион байгуулагч,  МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант Байгабылын Риза мэдээллээ.

Тэрбээр "Казахын ард түмний урлаг, соёл, уран зохиолыг судлах, олон нийтэд сурталчлах зорилгоор анх удаагаа зохион байгуулж буй уг эрдэм шинжилгээний бага хуралд БНХАУ-аас 2, Казахстан Улсаас 2, МУИС-иас 3, Ховд Их Сургуулиас 2, нийтдээ 14 эрдэмтэн судлаач оролцох ба казах үндэстний зан үйлийн уламжлал, шинэчлэл, эртний аман болон бичгийн уран зохиол, утга, соёл дахь тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ" гэв.

Зохион байгуулагчид тус эрдэм шинжилгээний бага хурлаар тавих илтгэлүүдийг эмхтгэл болгон хэвлүүлсэн бөгөөд цаашид 3 жил тутам уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.  
 
Ө.Нурболат 
 
Холбоотой мэдээ