Үндсэн хуулиар төрийн албын тогтвортой байдлыг хангах нь зүйтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-14 13:10:26
Баян-Өлгий /МОНЦАМЭ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг энэ сарын 11-ний өдөр Өлгий хотод болж, аймгийн Засаг дарга А.Гылымхан болон Өлгий, Сагсай, Бугат, Алтанцөгц, Баян нуур сумдын нийт 200 орчим иргэд, олон нийтийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн зүгээс аймаг, сумын Засаг даргыг сонгох, баг, сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгохдоо шалгуур тавих эсэх, Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдал, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг болон Улсын Их хурлын гишүүн төсөв санаачлах эрхийг хязгаарлаж байгаагийн учир шалтгаан зэргийг зохион байгуулагчдаас асууж тодруулж, өөрсдийн саналаа хэллээ. Жишээлбэл, Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Ц.Одгэрэл “Баг, хороо, тосгоны Засаг даргыг дээд шатнаас нь томилохоор төсөлд тусгасныг дэмжиж байна. Учир нь багийн Засаг даргыг мэдлэг, боловсрол тааруухан, танил тал, ойр дотнын хүмүүсээ сонгон ажиллуулж, ажил цалгардуулж байна. Түүнчлэн сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдын халгаа сэлгээний асуудал газар авдаг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албыг тогтвортой байдлыг хангах нь зүйтэй” гэв. Мөн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Б.Есей Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хүрээг ялган зааглаж байгааг дэмжиж байгааг илэрхийллээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанхус сумд зохион байгуулж байна.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ