Балбад үер, хөрсний нуралт болсны улмаас 50 орчим хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-14 12:41:20
БАЛБА. /Reuters/. Балбад ширүүн бороо орсноор үер болж, хөрсний нуралт үүссэний улмаас хэдэн арван хүн амиа алдаж, сураггүй болжээ.

Борооны улиралтай холбоотойгоор тус улсын Терай муж болон бусад газарт өнгөрсөн баасан гарагаас хойш бороо зүсрэн орж байгаа аж.

Тус улсын ДХЯ-ны мэдэгдсэнээр, одоогоор 49 хүн амиа алдаж, 30 хүн сураггүй болсон нь тогтоогдоод байна.
Хөрсний нуралтын улмаас олон газарт зам хаагдсан нь эрэн хайх, аврах ажиллагаанд саад болж байна.

Ойрын хэд хоногтоо бороо зогсох төлөвгүй байгаа учир сонор сэрэмжээ дээшлүүлж, үерт өртөх эрсдэлтэй бүсээс нүүж шилжихийг тус улсын Засгийн газар ард иргэддээ уриаллаа.

Тус улсад 6-8 дугаар сард борооны улирал болдог бөгөөд жил бүрийн энэ үеэр олон хүн амиа алдаж, эд материалын их хэмжээний хохирол учирдаг юм. Өнгөрсөн онд борооны улирлын үеэр 100 орчим хүн амиа алдаж байжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ