Бичил уурхайг хөгжүүлэх төслийн хугацааг сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-11 15:39:59
Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагаас Увс аймагт “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана, төслийн орон нутгийн засаглалын мэргэжилтэн Ч.Оюунчимэг, төслийн мэргэжилтэн Б.Ганчимэг нар Увс аймагт ажиллаад буцлаа. Тэд аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргалтай уулзаж төслийн талаар ярилцсан байна.
Энэ талаар аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал “Нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа манай аймагт өнгөрсөн хугацаанд маш их дэлгэрсэн. Энэ асуудалтай хатуу тэмцэж ажиллана. Нөхөн сэргээлтийг хууль дүрмийн дагуу явуулна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Энэхүү төсөл нь 2018 онд хэрэгжиж дуусахаар төлөвлөгдсөн ч нэг жилийн сунгалт хийгдэн 2019 онд хаалтаа хийхээр болжээ. Төслийн хүрээнд бичил уурхайг дэмжсэн тогтвортой хууль эрх зүйн орчин бий болгох, гарал үүсэл ил тод байдлыг сайжруулсны үр дүнд албан ёсны сувгаар худалдаалагдах бичил уурхайгаар олборлосон алт нэмэгдэх, нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу явуулах, хувиараа алт олборлохыг таслан зогсоох, нөхөн сэргээлтийн талаар зөв ойлголт өгөх үүднээс сургалт сурталчилгааг явуулах гэх мэтийн ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ