Увсын чацаргана газар зүйн заалттай болж, олон улсад бүртгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-11 15:30:45
Увс /МОНЦАМЭ/ Францын ЭСЯ-аас Монгол Улсын Оюуны өмчийн газартай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Увсын чацаргана тариалагчдад газар зүйн заалт олгож, чанарын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүнийг таних, хуурамч бүтээгдэхүүнийг таслан зогсооно.

Тус ЭСЯ-наас хэрэгжүүлж буй Газар зүйн заалтын төслийн ажилтан, Франц улсын агрономич хатагтай Бландинь Арвис Увс аймагт ажиллаж байгаа юм. Тэрбээр Увс аймгийн Чацарганы газар зүйн заалтын одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн удирдлагуудад өгсөн байна.

Газар зүйн заалт гэдэг нь тухайн ургаж буй газар нутгийн онцлогоос хамааралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр хүндийг хамгаалахад ашигладаг оюуны өмчийн хамтын хэрэгсэл аж. Газар зүйн заалтад бүртгэгдсэний ашиг тус нь Монголын оюуны өмчийн асуудал хариуцсан газраас тариаланчдад уг бүтээгдэхүүний хаяг шошгон дээр Монгол Улсын албан ёсны газар зүйн заалтын лого тавих эрх олгодог. Ингэснээр дотоодын болон гадаадын хэрэглэгчид газар зүйн заалттай тариаланчийн чацарганыг чанарын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүн гэж таних аж. Мөн “Увсын Чацаргана” гэсэн нэршлийг хуурамчаар ашиглах үйл ажиллагааг таслан зогсоох боломж олгох юм байна. Энэ ажлыг үр дүнд хүргэхийн тулд эхний ээлжинд тариаланчид, орон нутгийн удирдлагууд болон бусад талуудад газар зүйн заалтын тухай ерөнхий ойлголт өгөх, газар зүйн заалтын мөрдөх шалгуур үзүүлэлтийг дугуй ширээний ярилцлага байдлаар хэлэлцүүлэх, шалгуур үзүүлэлтийн чанарын хяналтын тогтолцоог бий болгох ажлуудыг хийх аж.



Эдгээр суурь ажлуудыг амжилттай гүйцэтгэсний дараа Увсын чацарганыг дэлхийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын холбооны болон олон улсын газар зүйн заалтад бүртгүүлэх, дэлхийн зах зээлд таниулах маркетинг, экспортын чиглэлийн эксперт олж өгөх тал дээр туслаж ажиллана гэдгээ хатагтай Бландинь Арвис онцлон хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ