Өмнөд Суданд тээврийн нисэх онгоц осолджээ

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-11-05 11:02:39

ЖУБА. /Sputnik/. Өмнөд Суданд Антонов Ан-12 тээврийн нисэх онгоц осолдож 39 хүн амиа алджээ.

Одоогийн байдлаар 36 цогцос олдоод байна гэж Өмнөд Суданы Тээврийн сайд хэлжээ. Цагаан Нил мөрний жижиг арлын тосгонд нисэх онгоц унаж, газарт байсан, онгоцонд явсан хүмүүс амиа алдсан учир яг хэдэн хүн амь үрэгдсэнийг тогтоогоогүй байна. Уг тосгоны 21 оршин суугч амиа алджээ.

Амиа алдагсдын дотор 1 орос, 5 армян байсныг Суданы ардын чөлөөлөх армийн төлөөлөгч Филипп Агуер нотоллоо.  Бусад нь тус улсын иргэд байжээ.

Оросын иргэн уг ослоор амиа алдсаныг Оросын Гадаад хэргийн яамнаас  тодруулсан бөгөөд Уганда улс дахь Оросын Элчин сайдын яам мэдээллийг шалгаж байна гэв.

“11 дүгээр сарын 4-ний өдөр “Allied Services” агаарын тээврийн компанийн Ан -12 тээврийн нисэх онгоц Өмнөд Суданы нийслэл Жуба орчимд газардсан даруйдаа осолдсон. Урьдчилсан мэдээллээр, онгоцны багийн гишүүн болох Оросын иргэн амиа алдсан байна. Угандагийн нийслэл Кампала хотод буй Оросын Элчин сайдын яам уг мэдээллийг тодруулна” гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн юм.

Уг онгоцны 3 зорчигч амьд үлдсэн бөгөөд эмнэлэгт хүргэсэн гэж Суданы ардын чөлөөлөөх армийн төлөөлөгч хэлжээ. Амьд үлдсэн хүмүүсийн дотор ээж нь онгоцны цонхоор шидсэн хүүхэд болон түүний аав нар байжээ.

Дараа нь амьд үлдсэн гурван хүний хоёр нь эмнэлэгт амьсгал хурааж, ганц хүүхэд амьд үлдсэн талаар Өмнөд Суданы Тээврийн сайд Хон Туонг Данхиер Гатлуак  мэдэгдсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ