“Оюу Толгой” Техникийн сургалтын төв 50 гаруй боловсон хүчнийг бэлтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-10 18:19:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу Толгой” ХХК-ийн дэргэдэх “Оюу Толгой”  Техникийн сургалтын төв Австрали стандартын дагуу  үйлдвэрлэлийн механик, гагнуурчин, цахилгаанчин гэсэн гурван төрлөөр мэргэжилтэн бэлтгэж байна.

Сургалт нэг жил үргэлжилдэг бөгөөд уул уурхай өндөр хөгжсөн Австралийн жишгээр боловсон хүчнээ бэлтгэдэгээрээ онцлогтой.

"Манай сургалтын төвийг дүүргэсэн төгсөгчдийн дийлэнх нь “Оюу Толгой”-д ажиллах сонирхолтой байдаг. Одоогоор манай төвд “Дорнод политехникийн коллеж”-ийн найман багш ажиллаж байна. Төгсөлтийн шалгалтыг Австралиас багш нар ирж авдаг.  Төгсөгчид “Оюу Толгой” дахь мэргэжлийн сургалтын төвд суралцахын зэрэгцээ цалинтай ажиллаж “Австралийн хоёрдугаар зэргийн чадамжийн гэрчилгээ авах боломжтой” хэмээн “Оюу Толгой” техникийн сургалтын төвийн мэргэжилтэн А.Үржнээ хэллээ.

Тус сургалтын төвд Өмнөговь аймгийн бүх сумдын залуус ирж суралцдагаараа онцлогтой. Өнгөрсөн хугацаанд дээрх  сургалтын төв 50 гаруй боловсон хүчнийг бэлтгэжээ. Төгсөгчдийн дийлэнх  нь “Оюу Толгой”-н уурхайд ажиллаж буй аж.
 
Л.Нандиа
Холбоотой мэдээ