Булган аймгийн ахмадууд уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-09 16:18:18
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ахмадын чуулган Хишиг-Өндөр суманд болж, нийт ахмадууддаа хандан уриалга гаргажээ. Уриалга нь Монгол ёс заншил, үндэсний уламжлалаа өвлүүлэх, өсвөр үеийнхнээ үлгэрлэх, эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн хийх, орон нутгаа хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санал бодлоо илэрхийлэх зэрэг есөн агуулгатай юм байна. 

Аймгийн хэмжээний нийт 7000 гаруй ахмад настныг төлөөлөлсөн 230 ахмад оролцсон юм. Чуулганаар аймгийн ахмадын хорооноос өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийн халамжийн багц хуулийн талаар мэдээлэл өгч төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого шийдвэрийг сурталчлах эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг хийлээ. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил хийсэн гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Түвшинмөнх ярив.

Ахмадын чуулганд Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ч.Сүхбаатар, аймгийн удирдлагууд оролцож,  ажил үйлсээрээ манлайлж, хойч  ирээдүйдээ үлгэр дуурайл болсон шилдэг, тэргүүний ахмадууддаа шагнал гардуулсан байна.  
М.Батжаргал
Холбоотой мэдээ