Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км замын ажил гацжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-09 11:26:33
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд баригдах ёстой Цагааннуур-Улаан байшинт чиглэлийн 25,8 км замын ажил гацсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Азийн хөгжлийн банкны 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ховд-Хашаатын даваа чиглэлийн 103.9 км, Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, нийт 189.7 км хатуу хучилттай авто замыг 2018 онд багтаан барьж дуусгахаар төлөвлөжээ. Мөн гол чиглэлийн дээрх авто замын ажлыг дуусгахаас гадна Ховд аймгийн төвд 10 км авто зам, хоёр гүүр, Өлгий хотын төвд 4.9 км авто зам, нэг гүүрийг тус тус барьж, трассын дагуух засвар арчлалт хариуцах тоног төхөөрөмж бүхий нэгж байгуулагдах ажээ.

Уг замын ажлын Цагааннуур-Улаан байшинт, Толбо-Хашаат, Хашаат-Шургын гүүр чиглэлийн 3 багц тендерийг 2015 онд Хятадын "China Huashi" компани авсан бөгөөд 2016 онд ажлын 7 хувийг, 2017 оны эхний хагаст 30 хувийг тус тус гүйцэтгэжээ.

Гэвч урьд нь Өлгий-Цагааннуур чиглэлийн 70 км хатуу хучилттай замыг барьж байсан «Алтайн Зам» ХХК Цагааннуур-Улаан байшинт чиглэлийн 25,8 км-ын тендертэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэр 2016 оны 10 дугаар сард нэхэмжлэгчийн талд гарчээ. Харин Азийн хөгжлийн банкны зүгээс "Тус компанийн өмнөх гүйцэтгэсэн ажил шаардлага хангаагүй учир дахиж санхүүжилт олгохгүй" гэснээр замын ажил одоо хүртэл эхлээгүй гацсан байна.

Аймгийн удирдлагын зүгээс холбогдох газруудад хүсэлт гаргасан ч нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул өөрөөр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу иржээ. Төлөвлөгөө ёсоор 2017 онд дээрх 3 багц замын барилгын ажлын 70 хувийг гүйцэтгэх ёстой ажээ.  

Ө.Нурболат
Холбоотой мэдээ