Хүр эрвээхэйн идэвхжил эхэлж буйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2017-08-08 18:01:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ногоон бүсийн ойн сан Найрамдал зуслан, Баянхошууны Баруун зүүн салаа, Бэлх, Цэлх, Шадивлан, Яргайт, Жигжид, Шарга морьт, Баянбулаг, Майхан толгой, Хандгайт, Санзай, Их бага баян, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ой бүхий нутагт Өрөөсгөл хүр эрвээхэйн голомт үүсээд байна гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

Манай орны ойн зонхилох хөнөөлт шавжийн нэг болох Өрөөсгөл хүр эрвээхэйн /Lymintria dispar L/ нислэгийн мөчлөг энэ цаг хугацаанд тохиож байна.

Энэхүү зүйлийн хөнөөлт шавжийн бие гүйцсэн эрвээхэй наймдугаар сарын эхний арав хоногоос 9 дүгээр сарын эхний арав хоног хүртэлх хугацаанд идэвхтэй нисч эвцэлцээнд ордог. Шөнийн идэвхтэй, гэрэлд дуртай учир гэрэл гарсан газар нэг дор олноороо цуглан тохиромжтой газар өндөглөдөг.

Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг биологийн төрөл зүйл бөгөөд хүнд онцын аюул учруулахгүй, хэт их нэг дор бөөгнөрсөн тохиолдолд хэвлийн хэсгээсээ нарийн тоосонцор ялгаруулдаг учир харшил өгөх магадлалтай.

Уг зүйлийн хөнөөлт шавжийн биологийн онцлогоос шалтгаалан одоогийн байдлаар гэрлэн болон феромонт урхи  тавин эрвээхэй цуглуулах, өндөг хусаж цуглуулах аргаар тэмцлийн ажил явуулах нь хамгийн тохиромжтой байна. Эрвээхэйн нислэг 9 сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ.

Иймд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газар, гэр, байшин, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эрвээхэйн нислэгийн үе дөнгөж эхэлж буйтай холбогдуулан ард, иргэдийг шаардлагагүй бол гадаа гэрэл асаахгүй байж, гэр болон байшингийн хана туурганд өндөглөсөн өндгийг хусч цуглуулах, булж устгахыг зөвлөж байна. Өндгийг хусч цуглуулахдаа амны хаалт, бээлий, нүдний шил хэрэглэхийг анхаарууллаа.

Ж.Болор
 
Холбоотой мэдээ