"Монгол алт" аяныг гурван сарын хугацаанд орон даяар өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2017-08-07 18:17:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх “Монгол алт” аяныг өнөөдөр нээлээ.

Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу алтыг Төв банкиндаа худалдах, олон нийтийн дунд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг танилцуулах аж.

Мөн Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг уриалах, тэднийг холбогдох мэдээллээр хангаж, алтыг хил, гаалиар хууль бусаар гаргах ажиллагаа зогсохгүй байгаатай холбоотойгоор Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг иргэд, байгууллагад хүргэх, таниулахыг зорьж байна. Аяныг Монголбанкны төв, орон нутгийн хэлтэс, салбар, арилжааны банкууд болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.

Олборлосон алтаа Монголбанкинд тушаах хэд хэдэн давуу талтай. Тодруулбал, Монголбанк алт, мөнгийг дэлхийн зах зээлийн ханш буюу Лондонгийн Үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар тооцно, Монголбанк нь тушаагдсан алтны төлбөр, тооцоог өдөрт нь шилжүүлдэг, эрсдэлгүй, найдвартай бөгөөд Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. 

Аяны нээлтийн үеэр өнөөдөр Монголбанкны зүгээс Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Гэрчлэх бичиг” олгов.
Н.Туяа

 
Холбоотой мэдээ