Сөүл "Зугаацуулагч эмэгтэйчүүд"-ийн хэлэлцээрийг эргэн харна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-01 11:52:28
СӨҮЛ. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу  “зугаацуулагч эмэгтэйчүүд”-тэй (comfort women) холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 онд хоёр улсын засгийн газруудын байгуулсан гэрээг эргэн харах ажлын хэсгийг Өмнөд Солонгосын Засгийн газар байгуулжээ.

Уг хэлэлцээрийн хүрээнд тус хоёр улс “зугаацуулагч эмэгтэйчүүд”-тэй холбоотой асуудлыг эргэлт буцалтгүйгээр эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон юм. Энэ хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэхийг Японы тал Сөүлд уриалсаар байна.

Харин өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн засгийн газрын үед Японы Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг Өмнөд Солонгосын ард иргэд эсэргүүцэж, хүчингүй болгохыг шаардсаар байгаа юм.

Пакийн халааг авсан Мүн Жэ Ин өнгөрсөн сарын эхээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэд “Өмнөд Солонгосын ард иргэдийн дийлэнх нь сэтгэл санааны шалтгааны улмаас уг хэлэлцээрийг эсэргүүцэж байна” гэж хэлж байв.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны даваа гарагт байгуулсан ажлын хэсэг нь есөн гишүүнтэй бөгөөд ажлын хэсгийн ахлагч нь тус улсын өдөр тутмын “Хангере” сонины эрхлэгч асан О Тай Кю аж.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Манай багийнхан “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн хохирогчдыг тойрсон нөхцөл байдлыг нухацтай үнэлж, 2015 онд байгуулсан энэ хэлэлцээрийн агуулгыг эргэн харах болно” гэв.

Тус ажлын хэсгийнхэн хоёр тал хэрхэн тохиролцоонд хүрснийг судлахын сацуу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн санаа бодлыг сонсох ажээ. Ингээд тэд оны эцэс гэхэд дүгнэлт хийж, тайлан гаргахаар төлөвлөж байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ