Зураач Ё. Бадарч гурав дахь үзэсгэлэнгээ аймгийнхаа баяр наадмаар гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-28 17:44:35
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СТА, Монголын урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан зураач,судлаач Ё. Бадарч аймгийн баяр наадамд зориулан “Мартагдашгүй” нэртэй бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ нь түүний аймагтаа гаргаж буй гурав дахь үзэсгэлэн юм байна.

Зураач Ё. Бадарч 40 гаруй жил зураг зурж байгаа. Тэрээр энэ хугацаандаа аймаг орон нутагт, улсад, гадаад оронд гээд нийт 20 гаруй үзэсгэлэн гаргажээ.

“Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ мартаж болшгүй зүйлсийг эргэн сануулахыг хүссэн. Мартаж болохгүй хүн, байгаль, үйл явдал гэж байдаг. Уран дархчуул, жирийн малчид, 1970, 1980-аад онд салбар салбарт ажиллаж байсан хүмүүсийн хөргүүдийг зурсан байгаа. Мөн аймгийнхаа онцлог, байгалийн дурсгалт газруудыг зурлаа. Сүүлийн үед зурсан 100 орчим зураг байсан боловч заалны багтаамжаас шалтгаалан 50 гаруй зураг дэлгэгдлээ. Хөрөг зургуудыг маань хараад тэдний гэр бүл,найз нөхдүүд нь маш их баярлаж, талархалтайгаар хүлээн авч байна. Цаашид уран зургуудаараа ном гаргах төлөвлөгөөтэй байгаа. Зураачаас гадна ардын урлаг судлаач мэргэжилтэй гэдэг утгаараа судалгааны хэд хэдэн ном гаргаж байсан. Харин уран зургийн цоморлиг ном гаргаж байгаагүй юм байна лээ. Тэгэхээр удахгүй нэг сайхан зургийн ном гаргах байх. Ямартай ч төрөлх нутгийхаа түүхэн ойтой зэрэгцэн гурав дахь үзэсгэлэнгээ иргэддээ танилцуулж бйагаадаа баяртай байна...” хэмээн МУСТА, зураач Ё. Бадарч хэллээ.

Мартагдашгүй үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ