Балбад даац хэтрүүлсэн автобус осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-04 10:19:04

КАТМАНДУ. /CNN/. Балба улсад зорчигчийн тоо хэтрүүлсэн автобус уулын уруу унасан ослоор 30 хүн амиа алдаж, 35 хүн гэмтсэн байна.

“Уг автобус дээвэр дээрээ хүмүүсийг олноор нь суулгаж даац хэтрүүлж явсан учир хайрган замын хазгай хэсэгт онхолдож уулын уруу 200 метр гүн рүү унасан” гэж Балбын Расува дүүргийн засгийн газрын тэргүүн Шива Рам Галал  хэлжээ.

Балбын нийслэл Катмандугаас 32 км зайтай орших Расува дүүргийн Рамче тосгонд осол гарсны дараа цагдаа нар, цэргийнхэн аврах ажиллагаа явуулсан байна.

Гэмтсэн зорчигчдыг Расувагийн эмнэлэгт, зарим нэгийг нийслэл рүү эмнэлэгт хүргэжээ.

“Нийтийн тээврийн салбарт түлшний гачигдал хүнд туссан учир цөөн автобус үйлчилгээнд явж байна. Ингэснээр явж буй цөөн автобус хэмжээнээсээ хэтэрсэн зорчигч тээх шаардлага тулгарсан” гэсэн тайлбарыг эрх баригчид өгсөн байна.

2013 оны 1 дүгээр сард автобус шон мөргөж, 200 гаруй метр гүн рүү унаснаар 30 хүн амиа алдсан осол Доти дүүрэгт гарч байсан юм. Уг ослоос сарын өмнө Сурхет дүүрэгт мөн автобус осолдож, 15 хүний амь үрэгджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ