Цэнхэрийн халуун усны бааз болон гэрүүдэд үнэлгээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-20 16:10:06
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Орхон Чулуут голын сав газрын захиргаа, "Ариун суврага" ТББ зэрэг байгууллагууд хамтран Цэнхэрийн халуун рашааны орчимд ажиллаж буй жуулчны бааз, гэр буудлуудад энэ сарын 14-ны өдөр хяналт үнэлгээ хийжээ.

Үнэлгээ хийхдээ Монгол Улсын “Аялал жуулчлалын тухай хууль” - ийн 10 дугаар зүйл, “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль” - ийн 16.1 дүгээр зүйл, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” – ийн 16.2.5, “Хог хаягдлын тухай хууль” – ийн 10 дугаар зүйл, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль” – ийн 7 дугаар зүйл, Татварын тухай хуулиуд, Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2015 стандарт, Аялал жуулчлалын байр сууцны төрөл, үндсэн шаардлага MNS 5824: 2007, Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009, Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандартууд, бусад холбогдох журмыг баримталж ажилласан байна.

Хяналт үнэлгээнд нийт 5 жуулчны бааз, 1 гэр буудал хамрагдсан бөгөөд ус, рашаан ашиглах дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, "Алтан нутаг", "Хангай резорт" жуулчны баазууд тохирлын гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан, нутгийн иргэдийн ажиллуулж буй гэр буудал нь нүхэн жорлонгийн стандартыг хангаагүй, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис ашиглаагүй зэрэг нийтлэг дутагдлууд илэрснийг газар дээр нь засаж залруулсан байна. Мөн ажлын хэсгээс дээрх баазуудад хугацаатай албан даалгавар хүргүүлжээ.

 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ