Монголд газар хөдлөлтийн чиглэлээр мэргэшсэн судлаач, боловсон хүчин дутмаг буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-20 15:02:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Монгол Улсад энэ төрлийн судалгаа шинжилгээ хийдэг боловсон хүчин дутмаг байна хэмээн “Монголын одон орон, геофизикийн судалгаа 2017” олон улсын хуралд оролцогчид онцлов.

Монгол Улсад Одон Орон, Геофизикийн Хүрээлэн /ООГХ/ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан “Монголын одон орон, геофизикийн судалгаа 2017” олон улсын хурал өнөөдөр Чингис хаан зочид буудалд нээлтээ хийлээ.

Гурван өдөр үргэлжлэх уг хуралд Монгол, ОХУ, АНУ, Франц, Өмнөд Солонгос, Швейцарь, Герман, Англи, Чили, Турк, Тайвань, Хятад зэрэг 13 орны 200 орчим эрдэмтэн судлаач оролцож байна.
Шадар Сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, ШУА-ын Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар хуралд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлэв.

“ШУА-ийн харьяа ООГХ  байгуулагдсанаас хойш 60 жил өнгөрчээ. Энэ хугацаанд уг хүрээлэн нар, дэлхийн физик судлал, газар хөдлөлт болон соронзон судлал гэсэн гурван төрлөөр олон улсын хэмжээний судалгаа шинжилгээ хийдэг томоохон байгууллага болтлоо хөгжжээ. Жишээ дурьдвал 4 жилийн өмнө БНСУ-тай хамтран “Таван толгой”-д “Овал” загварын дуран суурьлуулсан. Энэ дурангаар од эрхэс, жижиг гаригуудын хөдөлгөөн тэдний учруулж болох аюулыг цаг алдалгүй судлах боломжтой юм” болсон хэмээн ШУА-ийн ООГХ-ийн захирал С.Дэмбэрэл онцлов.

Францын Страсбургийн Их сургуулийн Профессор Антон Шлупп “Би Монголд анх 1992 онд ирж байсан юм. Түүнээс хойш жил бүр тасралтгүй судалгаа шинжилгээ хийсээр 25 жил өнгөрчээ. Монгол улс хүчтэй газар хөдлөлтийн бүсэд оршдог учир энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд маш хэрэгтэй байгаа. Миний бие дөрвөн монгол эрдэмтний судалгааг удирдсан. Тэд маань бүгд профессор цол хүртжээ. Өнөөдөр Монголын ШУА энэ салбарт оруулсан хувь нэмрийг минь үнэлж хүндэт доктор цол олгосонд талархаж байна” гэв.

Харин ОХУ-ын Зүүн Хойд Холбооны Их сургуулийн профессор Гриб Николаевич “Манай сургууль Монголын ШУА, ООГХ-тэй олон жил хамтран ажиллаж байна. Би монголд өмнө нь олон удаа судалгаа шинжилгээ хийхээр ирж байсан. Энэ удаагийн хуралд “Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга угсралт” сэдвээр илтгэл тавихаар хүрэлцэн ирлээ. Хурлаа дуусгаад үзэсгэлэнт Монгол орноор аялахаар эхнэр, ач хүүгээ дагуулан ирсэн” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Дашрамд дурдахад ШУА-ийн харьяа ООГХ нь 200 орчим ажилтантай томоохон  байгууллага бөгөөд түүнээс 90 гаруй нь орон нутаг дахь газар хөдлөлт судлалын станцууд дээр ажилладаг ажээ.

Л.Нандиа
Холбоотой мэдээ