М.Саакашвилиг шилжүүлэн өгөх хүсэлтэд Украины тал татгалзсан хариу өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-19 16:42:31
ТБИЛИСИ./TASS/. Гүрж улсын Ерөнхий прокурорын газраас Михаил Саакашвилиг тус улсад шилжүүлэн өгөхийг хүссэн албан ёсны хүсэлтийг хоёр удаа Украинд хүргүүлсэн боловч хоёр удаа татгалзсан хариу өгчээ. Энэ тухай өнөөдөр Гүржийн Хуульзүйн сайд Тея Цулукиани мэдэгдсэн байна.

Харин Гүржэд албан ёсны айлчлал хийж буй Украины Ерөнхий Петр Порошенко мягмар гарагт мэдэгдэхдээ “Саакашвилиг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг Гүржийн эрх баригчдаас хүлээж аваагүй” гэжээ. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа П.Порошенко хэлэхдээ “мэдээллийг шалгаж үзлээ, ийм хүсэлт Гүржийн талаас ирсэн нь үнэн байна” гэсэн аж. 

“Украины тал энэ хүсэлтэд татгалзсан хариу өгч, нэмэлт материал шаардсан байна. Энэ асуудал Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр шийдэгдэж байгаа нь сайн хэрэг. Энэ асуудал бол хүчний байгууллагууд болон Ерөнхий прокурорын газрын эрх мэдлийн хүрээнд хамаарах асуудал” гэж Украины Ерөнхийлөгч хэлжээ.

Сануулан дурдахад, М.Саакашвили нь 2004-2007 он болон 2008-2013 онд Гүржийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2013 онд улс орноосоо гарч явсан билээ. 2015 оны 5 дугаар сард тэрбээр Украины иргэн болсон байна. 2014 онд Гүржийн эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар түүнийг буруутгажээ.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ