Хөдөлмөрийн баатар Ж.Хайруллаг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-17 14:30:18
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Aймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын эмч, академич Ж.Хайрулла болон түүний хүү, тархины мэс засалч Х.Хусаян нарыг өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Эдүгээ 87 настай золгож буй Ж.Хайрулла нь манай улсын түүхэнд анх удаа хүний тархинд мэс засал хийсэн алтан гартай мэс засалч, анагаах ухааны салбарын нэр хүндтэй эрдэмтэн юм.

Тэрээр эмчлэх, багшлах ажлын хажуугаар уран зохиолоор оролдон казахын их яруу найрагч Абай Кунанбаевын шүлгүүд, Мухтар Ауезовын "Абайн зам" романыг монгол хэлнээ орчуулалцжээ. Мөн эмч нарын дундаас Алтай Таван богд уулын оргилд анх авиран Монголын уулын спортын мастер цол хүртсэн зэрэг тал бүрийн авьяастай, оюунлаг сэхээтэн, нийгмийн зүтгэлтэн билээ.

Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд Ж.Хайруллад Монгол Улсын хөгжил цэцэглэлт, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан нөр их хувь нэмэрт нь талархал илэрхийлж, цаашдын ажлаас нь амжилт хүслээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ