Сайн санааны уриалгыг 10 мянган хүн дэмжжээ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-07-17 00:46:24
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн хүүхэд залуусын төлөөлөл Дархан сумын иргэн Б.Золжаргал, Ц.Бат-Оргил, А.Бямбадорж, А.Пүрэвсүрэн, Г.Ганчимэг, Б.Отгонбат, Э.Дарханбаатар нарын залуус санаачилж Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын хил залгаа Моностой, Гүнжийн даваа, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй Онцгой Байдлын газрын алба хаагчид, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд тусламж үзүүлэхээр “Төв шуудан”-гийн гадна талбайд цуглаж сошиал ертөнцөөр “Эх орны төлөө хамтдаа нэгдье” уриалга гаргаж хандивын аяныг амжилттай зохион байгууллаа.
Тус аянд аймгийн Онцгой комисс, Онцгой Байдлын газрын удирдлагууд болон алба хаагчид нэгдэж дэмжиж ажиллав. Энэхүү уриалгад 138 хүн биечлэн оролцож хүнсний бүтээгдэхүүн ойролцоогоор 1,3 сая төгрөг, бэлнээр 1,2 сая төгрөгийн тусламж үзүүлж нийт 2,5 сая төгрөгийн тусламжийн эд зүйл бараа материал цуглуулж аймгийн Онцгой Байдлын газарт хүлээлгэж өгчээ. Тэдний гаргасан уриалгыг 10 мянган хүн дэмжиж, 384 хүн сэтгэгдэл бичиж, 349 лайкаар дэмжлээ гэж уг аяныг санаачлагч Б.Отгонбат сэтгүүлчдэд мэдээлэх үедээ онцолоод санаачлагыг дэмжиж оролцсон Дарханчууддаа баярлалаа гэв.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ