Парисын хэлэлцээрээс гарах шийдвэрээ Д.Трамп эргэн харж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-16 11:27:31
ПАРИС./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп  Парисын уур амьсгалын хэлэлцээрт АНУ оролцох талаар бодож үзнэ гэдгээ Францын Ерөнхийлөгч Э.Макронд амлажээ.  Энэ тухай Э.Макрон Le Journal du Dimanche сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. 6 дугаар сард Цагаан ордны тэргүүн дээрх хэлэлцээрээс гарна гэдгээ зарлаж байсан билээ.

“Дональд Трамп миний үгийг сайтар сонссон. Тэрбээр ойрын хэдэн сарын хугацаанд шийдэл олох гээд үзье гэж надад хэлсэн. Парисын хэлэлцээрт эргэн нэгдэх боломжийн талаар бид хоёр дэлгэрэнгүй ярилцлаа” гэж Э.Макроны ярьсныг тус сонин иш татжээ.

Өнгөрсөн лхагва гарагт Д.Трамп Парист хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн юм. Пүрэв гарагт Елисейн ордонд Э.Макрон, Д.Трамп нар хэлэлцээ хийсэн ба хэлэлцээний дүнд  Парис, Вашингтон хоёр цаашид экологийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээ мэдэгджээ.

6 дугаар сарын 1-нд Д.Трамп "АНУ Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарч байгааг" зарлаж байсан билээ.

Парисын хэлэлцээр нь Америкийн эд баялгийг бусад улс орнуудад тараан өгч байна, тус хэлэлцээрийн зүйл заалтыг дагаж мөрдсөнөөр АНУ-д 2025 он гэхэд 2,7 сая ажлын байр үгүй болж магадгүй гэж Цагаан ордны тэргүүн үзжээ.

Парисын хэлэлцээр нь Парист болсон бага хурлын явцад 2015 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан ба тус уулзалтад оролцогч 195 улс орон 2100 он хүртэлх хугацаанд манай гарагийн агаарын дундаж хэмийг үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн 2 градусаас илүүгээр нэмэгдүүлэхгүй байх тохиролцоонд хүрсэн билээ. НҮБ-ын мэдээлснээр, одоогийн байдлаар уг хэлэлцээрийг дэлхийн 153 орон соёрхон батлаад байна. 
О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ