Алдарт боксчин Ф.Мэйуэзер 22 сая долларын өртэй

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-07-12 11:52:10
МОСКВА./TASS/. Нэрт боксчин Флойд Мэйуэзер /бага/ 2015 оны тайлант хугацааны дүнгээр 22,2 сая ам.долларын татварын өртэй байна гэж АНУ-ын Татварын алба мэдэгдсэнийг Associated Press уламжиллаа.

2015 онд Мэйуэзер Филиппиний боксчин Мэнни Пакьяо-той тулаан хийж, боксын түүхэнд байгаагүй их орлого буюу 210 сая долларын шагнал авчээ.

“Форбес” сэтгүүлд бичсэнээр, Мэйуэзер татварын албанд хандан татвар төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн аж. Тэрбээр Үнэмлэхүй тулааны холбооны /UFC/ аварга Коннор Макгрегортой ирэх 8 дугаар сард тулаан хийснийхээ дараа татварын өрөө төлье гэсэн хүсэлт гаргасан байна.

Мэйуэзер, Макгрегор нарын хооронд боксын дүрмээр болох тулааныг 8 дугаар сарын 26-нд Лас-Вегас хотод зохион байгуулахаар товложээ.

Өдгөө 40 настай Мэйуэзер мэргэжлийн боксын рингэнд 49 удаа ялалт байгуулж, нэг ч удаа ялагдаагүй байгаа юм. Харин Ирландын тамирчин, 28 настай Макгрегор холимог тулааны төрлөөр 24 удаа тулаан хийснээс 21-д нь ялж, 3 ялагдсан байна.
Г.Доржханд 
Холбоотой мэдээ