“Ааваа, битгий яараарай” самбарыг хот хоорондын замд байршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:06:27

Мандалговиос Улаанбаатар, Даланзадгадын чиглэлийн автозамын хажууд хурдаа хасч, анхаарал болгоомжтой явахыг жолооч нарт сануулсан нөлөөллийн самбарыг “Хариуцлагатай залуу манлайлагч” клубын гишүүд санаачлан байршуулсан байна.

Клубын гишүүн Ж. Нарангарав хэлэхдээ, “Хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноос хойш хурдаа тохируулж яваагүйгээс аваар осол гарах нь эрс өссөн гэдгийг Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас мэдээлж байсан. Тиймээс бид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах үүднээс “Ааваа битгий яараарай” самбарыг хоёр хэсэгт байршуулсан юм.  “Хурд бол үхэл”, “10 хором алдах уу, амьдралаа алдах уу”, “Хэрвээ таны нойр хүрвэл зогсоод унтаж амраарай” гэх мэт мэссежүүдийг самбаруудад бичсэн” гэлээ.

“Хариуцлагатай залуу манлайлагч” клуб урьд нь ерөнхий боловсролын сургууль орчмын автозамуудад явган хүний гарц тэмдэглэгээг бүдгэрснийг нь тодруулж, байхгүйд нь шинээр хийж, сурагчдын аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.

Тэдний дараагийн төлөвлөсөн ажил бол “Хариуцлагатай залуу аав, ээж” сургалтыг эцэг эхчүүдэд зориулан хийнэ гэлээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ