БНХАУ-ын "Нэг зам, нэг бүс" санаачилга чухал үүрэгтэй

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2015-11-03 13:46:41

ДУБАЙ. /Xinhua/. Ойрхи Дорнодын бүс нутаг, Ази, Европ, Африк тив хоорондын худалдааг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга чухал үүрэгтэй гэж Персийн булангийн Арабын орнууд үзэж байна хэмээн Арабын Нэгдсэн Эмирт Улсын Эдийн засгийн яамны Гадаад худалдаа, аж үйлдвэрийн хэлтсийн орлогч сайд Абдулла Ахмед Аль-Салех мэдэгдэв.

БНХАУ-ын Элчин сайдын яам болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын Эдийн засгийн яамны хамтран Дубай хотод зохион байгуулсан семинарт оролцсон хоёр улсын бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид гээд 100 гаруй албаны хүнд хандан Абдулла Ахмед Аль-Салех үг хэлсэн байна.

Арабын Нэгдсэн Эмирт Улс бүс нутагтаа худалдааны зангилааны үүрэг гүйцэтгэж, БНХАУ-ын бүтээгдэхүүнийг бүс нутагт нийлүүлэх гарц болж чадна гэж тэрбээр мэдэгдээд, 2013 онд БНХАУ-ын дарга Си Зиньпины гаргасан санаачилга нь Зүүн Азиас Ойрхи Дорнод, Африкиас Европ хүртэлх 60 орчим орон болон хоёр улс хоорондын худалдааг нэмэгдүүлэх гайхалтай боломжийг бий болгож байгааг дурдав.

Арабын Нэгдсэн Эмирт Улсад БНХАУ-ын 300 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байгаагийн зэрэгцээ тус улсын 4000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Мөн БНХАУ-ын 249 агентлаг болон барааны 5451 тэмдэгт Персийн булангийн Арабын орнуудад байна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ