Шарын гол сум 55 жилийнхээ ойгоо тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-09 10:33:23
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Шарын гол сумын Засаг захиргааны анхны нэгж үүсч хөгжсөний 55 жилийн ой энэ жил улсын баяр наадамтай давхцан тохиож байна. Шарын гол сумын ойн баярт аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Эрдэнэсүх нар оролцлоо.
Сумын Засаг дарга Д.Амарсанаа: “Шарын гол сум бол улс орны төвийн бүсийн гал голомт болсон Шарын голын уурхайтай салшгүй холбоотой. Үзэсгэлэнт сайхан байгальтай, ой мод, нүүрс, алтны ихээхэн нөөц бүхий тус сумын нутаг дэвсгэрт Монгол-Зөвлөлтийн хайгуулчид 1958-1960 онд нүүрсний ордын иж бүрэн хайгуулын ажлыг хийж уурхайн барилгын ашиглалтын төслийг тухайн үеийн нэрээр ЗХУ-ын Ленинград хотын “Уул уурхайн төслийн институт”-д боловсруулж анхны шавийг тавьсан тэр цаг үед хороо захиргаа сумын түүх давхцан эхэлж их бүтээн байгуулалтын ажил өрнөсөн түүхтэй. Манай сум нь 2013-2016 онд 100 гаруй бүтээн байгуулалтын ажил хийж ойгоо угтаж 55-н бүтээлч ажлыг сумын иргэд, төр, төрийн бус байгууллагуудтай хамтран хийж ойтойгоо золголоо” гэв. Мөн үеэр Төрийн дээд шагнал “Хөдөлмөр Хүндэт медаль”-иар Г.Гүрсэд, Уул уурхайн яамны “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр С.Батням, Ч.Чулуунбаатар, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр гурав, “ХАА, Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр хоёр, “Газрын харилцааны Тэргүүний ажилтан цол тэмдгээр хоёр, аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан тэмдгээр найм, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тав, аймгийн Засаг даргын жуух бичгээр долоо, Сумын хүндэт тэмдгээр дөрөв, сумын Засаг даргын жуух бичгээр тав, сумын хүндэт өргөмжлөлөөр гурав, Монголын оюутны холбооны шагнал “Манлайлагч оюутан”-аар хоёр оюутанг тус тус шагнаж гардууллаа. Шарын гол сум цаашид 2017-2020 онд хэрэгжүүлэх аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж сумынхаа иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж сум орон нутгаа хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй гэдгийг онцолж өндөрлөв.  
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ