“Мазаалай” хиймэл дагуул сансрын тойрог замд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-07-07 18:11:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны "Мазаалай" хиймэл дагуул өнөөдөр Улаанбаатарын цагаар 16.50 минутад Олон улсын сансрын станц /ОУСС/-аас задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замд орж, үүргээ гүйцэтгэж эхэллээ.

Монгол хүний гараар бүтсэн төхөөрөмж улсынхаа нэрийг сансарт бичих түүхэн агшинг Японы Сансрын агентлагийн цахим хуудсаар шууд дамжуулан хүргэх ажиллагаа МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд болов.

Хиймэл дагуулыг задгай сансарт гаргах ажиллагааг Японы Сансрын агентлаг удирдан, ОУСС-ын нисэгч гүйцэтгэж буй юм. Монгол Улсын анхны хиймэл дагуул "Мазаалайг" МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээсэн юм.



Судлаач Д.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Монголын анхны хиймэл дагуул өнгөрсөн сарын 04-нд хөөрлөө гэдэг мэдээлэл гарсан. Тухайн үед хиймэл дагуул маань Олон улсын сансрын станц гэдэг байгууламжид Америкийн пуужинг ашиглаж хүргэгдсэн. Харин өнөөдөр тус байгууламжаас жижиг хиймэл дагуулыг задгай сансарт гаргадаг Японы Сансрын агентлаг төвөөс удирдаж гаргаад байна. “Мазаалай” хиймэл дагуулаас Төрийн дуулал эгшиглүүлэх даалгавар бий. Үүнийг байнга цацаад хүмүүс сонсоно гэсэн үг биш. Бид Үндэсний баяр наадмыг тохиолдуулан энэ зорилгоо биелүүлэх төлөвлөгөөтэй байна. Хиймэл дагуултайгаа өнөө шөнийн 03.30 минутын үед анхны холбоо барих ажил эхэлнэ. Тухайн үед хиймэл дагуул ажиллаж байна уу гэдгийг шалгаж, эхний хоёр өдөр жигдрэх үйл ажиллагаа явагдана. Хиймэл дагуул задгай сансарт жил орчим болоод замхарч алга болно. Энэ хугацаанд “Мазаалай”  хиймэл дагуул газрын зураг авах, дуу эгшиглүүлэхээс гадна шинжлэх ухааны дөрвөн даалгавар гүйцэтгэнэ” гэдгийг тодотгов.

“Мазаалай” хиймэл дагуул нь Олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа долоон орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтоох, байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоох, улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох, дэлхийн нам орбит дахь сансрын цацраг идэвхийг судлах зэрэг үүрэг гүйцэтгэх аж.
 
 
Ж.Болор
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ