Дахин санал хураалтын ажил хэвийн явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-07 08:06:38
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын ажиллагаа өнөөдөр орон нутгийн цагаар 06:00 цагт эхэллээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбекээс зарим асуудлуудыг тодрууллаа.  

 - 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын ажиллагаа эхлээд цаг гаруй хугацаа өнгөрч байна. Хэсгийн хороодод санал авах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

 - Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ажил хэвийн явагдаж байна. Манай аймаг сонгуулийн 89 хэсэгтэй. Одоогоор хэсгийн хороодоос ямар нэгэн саад, бэрхшээл гарсан талаар мэдээлэл ирээгүй байна. Зөвхөн Алтанцөгц сумд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны принтерийн адаптер шатсан гэсэн мэдээ аваад байна. Холбогдох хүмүүс нь тийшээ явахаар бэлдэж байна.

 - Энэ удаагийн санал хураалтад тус аймгаас хичнээн хүн саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад нэр нь орсон вэ?

 - Нэрсийн жагсаалтад 58915 сонгогч бүртгэгдсэн. Түр хасалт хийгдсэн хүмүүсийн нэрс ороогүй байгаа. Сонгогчдын ирцийн талаар сумдаас мэдээ авч тухай бүрт нь олон нийтэд мэдээлж байх болно.

 - Өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдийн саналыг авсан. Хэдэн хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргаснаас хэд нь өгсөн вэ?

 - Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 915 иргэн 76 хэсэгт санал өгөх хүсэлт гаргасан. Алтанцөгц сумаас бусад сумд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан санал хураалтын талаар мэдээ өгсөн байгаа. Одоогоор 790 сонгогч саналаа өгсөн гэсэн урьдчилсан мэдээ гарч байна. 
 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ