Хүүхдийн мөнгийг маргаашийн дотор дансанд нь шилжүүлж дуусгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх хүүхдийн мөнгийг маргаашийн дотор дансанд нь шилжүүлж дуусгахаар Засгийн газраас шийдвэрлэжээ.
Оны эхнээс хойш долоон сар мөнгөө аваагүй байсан 403 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөр нөхөн олгож дуусах бөгөөд үүнд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь нь мөнгөө авч байсан 600 гаруй мянган хүүхдийн долдугаар сарын мөнгө болох 18.7 тэрбум төгрөгийг маргаашийн дотор бүрэн олгож дуусах юм.
Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нар нь маргаашийн дотор өөрт хамгийн ойр байгаа банкинд очиж өргөдлөө гарган, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах бүрэн боломжтой.
Сүүлийн хэдэн жил хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг сэргэж 4.2 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учир Засгийн газар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулж 100 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Одоогоор олон данс руу мөнгө шилжиж байгаа учир гүйлгээний хувьд бага зэргийн хүндрэл гарч байгаа аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал