Баруун-Уртын иргэд эрдэсжүүлсэн ус хэрэглэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-05 18:17:06
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Уртын ус цэвэршүүлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, бүрэн ашиглалтад орлоо. Ус цэвэршүүлэх байгууламжийн нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, Дөрвөлж ОНӨҮГ-ын ажилчид оролцсон юм. Энэхүү ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноор Баруун-Урт сумын иргэд эрүүл, стандартын шаардлага хангасан эрдэсжүүлсэн ус хэрэглэж эхэллээ.

Аймгийн засаг дарга З.Энхтөр нээлтийн үгэндээ “2009 оноос хойш шинэчлэл, засварт оролгүй өнөөг хүрсэн цэвэршүүлэх байгууламжийг богино хугацаанд бүрэн шинэчилж, шинэ түвшинд хүргэж чадсан Дөрвөлж ОНӨҮГ-ын удирдлага болон нийт хамт олонд ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү цэвэршүүлэх байгууламжийн шинэчлэлийн араас, Баруун-Урт сумын дэд бүтэц болон цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, дулааны станц өргөтгөх гээд олон ажил байгаа. Энэ бүгдийг мөн л та бүхэн гардан гүйцэтгэх болно. Энэ бүгд бол бид бүхний бүрэн эрхийн хугацаанд хийх ажлуудын томоохон хэсэг бөгөөд Баруун-Урт сумынхаа дэд бүтцийг сайжруулах ажлын эхлэл юм. Дэд бүтцээ бүрэн шинэчилж чадсанаар бид хойшид юуг ч хийж болно. Мөн цэвэршүүлэх байгууламж бүрэн шинэлэгдсэнээр ард иргэдээ цэвэр усаар хангах, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, олон олон өвчлөлөөс сэргийлэх, цаашлаад улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байгаа элэгний өвчлөлийг бууруулах давуу талтай...”-г онцолсон юм.

Ус цэвэршүүлэх байгууламж нь өмнөх байгууламжаас нэг дахин хүчин чадалтай гэж байсан ч туршилтын хугацаанд ажиглахад 1,5-2 дахин илүү хүчин чадалтай нь тогтоогджээ.

“Аймгийн хөрөнгө оруулалтаар бид цэвэршүүлэх байгууламжаа бүрэн шинэчилж, ийнхүү ашиглалтад орууллаа. Энэ төхөөрөмж нь хосолсон системээр ажилладаг, 1,5-2 дахин илүү хүчин чадалтай. Туршилтын явцад горимынх нь дагуу ажиллуулахад цагт 60 тонн ус шахаж байна. Дээд тал нь 70 тонн ус шахах бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр аймгийн хэрэглээг ойрын хэдэн жилдээ хангах бүрэн чадалтайгаас гадна автоматаар тохиргоогоо хийгээд явах юм. Өмнө нь манай иргэд эрдэсгүй ус хэрэглэж ирсэн бол одоо эрдэс тэжээлтэй, химийн стандартдаа тохирсон ус хэрэглэх боллоо. Үүнийг анхны дээж шинжилгээгээр тогтоосон. Тэгэхээр хэд хоногийн дараа үйл ажиллагаа нь жигдэрсэний дараа дахин шинжлүүлэх юм бол бүр нарийн үр дүн гарах юм. Учир нь ганц хоногийн дотор ус бүрэн цэвэршиж чадаагүй байгаа гэсэн үг. Ямартай ч манай хамт олон асар богино хугацаанд энэ ажлын ард гарч, ард иргэдээ эрүүл цэвэр усаар хангах боломжийг бүрдүүлж чадсандаа баяртай байна...” хэмээн Дөрвөлж ОНӨҮГ-ын захирал О. Дүүрэнбилэг хэллээ.

Анх 2007 онд Баруун-Урт сумын 50 жилийн ойгоор ард иргэдээ эрүүл цэвэр усаар хангах зорилгоор цэвэршүүлэх байгууламжийг бий болгох тухай мөрийн хөтөлбөртөө тусгаж,  энэ ажил хийгдэж байсан бол, 10 жилийн дараа буюу сумынхаа 60 жилийн ой дээр үүнийг дахин шинэчлэх сайжруулах, өргөтгөлийн  ажилд гар бие оролцсондоо баяртай байна. Үүнийг хийж хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн сангаас 350 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн тухай Баруун-Урт сумын засаг дарга асан, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга  М.Төмөрчулуун ярьж байна.

Тус байгууламж нь хоногт 200 литр хаягдал ус гаргадаг. Энэ хаягдал усыг ногоон байгууламжийг услах, барилга бүтээн байгуулалтын ажилд ашиглах, цаашлаад ундарга нь жилээс жилд багасаж буй Баруун-Уртын голд нийлүүлэх зэргээр дахин ашиглах аж.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ