Говь-Алтайн наадамд эрлийз морь уралдуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-07-05 11:29:13
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, ардын хувьсгалын 96, аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн аймгийн баяр наадмыг 7-р сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэх шийдвэр гаргасан байна.
Сумдын баяр наадмыг 7 сарын 8-9-ний өдрүүдэд хийж, сумын бөхчүүд, уяачид аймгийнхаа баяр наадамд өргөнөөр оролцох ажээ. Энэ жил гантай байгаа учир баяр наадмын хуулийн дагуу хурдан морьдын уралдааны замыг нас бүрт 2 километрээр багасгах юм байна. Улсын баяр наадмын өдрүүдийг давхцуулснаар жил бүр улсын цолтой олон бөхчүүд ирж найраа хийж наадам үймүүлдэг явдал байсныг таслан зогсоох боломжтой болж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ сумдаас олон бөхчүүдийг урилгаар ирүүлж 256 бөх барилдуулснаар аймгийн начин, харцага, заан, арслан цолтнууд шинээр төрөх боломж ч нэмэгдэж байгаа ажээ. Энэ жилийн наадмаар эрлийз морины уралдаан зохион байгуулахгүй, зөвхөн монгол морио уралдуулна. Баруун бүсийн аймгуудын сурчдын уралдаан болох гэж байгаа нь наадмын сурын харвааг улам өргөн болгоно хэмээн аймгийн Засаг даргын орлогч, баяр наадам зохион байгуулах хорооны дарга Ж.Ганбат ярилаа.
                                                                                                                                                                Ш.Цоодол
Холбоотой мэдээ