Элсэлтийн Ерөнхий шалгалтанд амжилт гаргасан сурагчдад мөнгөн урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-05 11:22:07
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил 2017 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтандаа 800 оноо авч үе тэнгийнхнээ манлайлан, сайн үлгэр дууриалал үзүүлсэн сурагчдад мөнгөн урамшуулал олголоо.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Даваадоржийн Төгсжаргалант, Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4 дүгээр сургуулийн сурагч Ганхөлөгийн Номундарь нарын сурлагын амжилтыг үнэлж тус бүр нэг сая төгрөгийг цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь амжилт дагуулсан урам дэм болгон гардуулан өглөө. Амжилт бүрийн ард хэлж баршгүй их хөдөлмөр, зүтгэл байдгийг олж харж, хүүхдийн ирээдүйд үнэтэй их хөрөнгө оруулж чаддаг аймгийн дарга Ш.Оргилд аймгийн боловсролын салбарынхан болон дээрх сурагчдын ар гэр, багш нар гүн талархсан сэтгэлээ энэ үеэр илэрхийлсэн юм.  Энэ жил Сэлэнгэ аймагт ЭЕШ-ыг нийт 1500 гаруй хүүхэд өгсөн байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ