Ц.Баярсайхан: Томилогдсон албан тушаалтан тайлангаа тавьдаг том соёлыг бий болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-04 13:11:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын медиа корпорациас санаачлан Монголын Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн, “МЕК” судалгааны төв хамтран зохион байгуулсан “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын аяны хаалт өнөөдөр "Блью скай" зочид буудлын хурлан танхимд боллоо.  

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан энэ үеэр хэлэхдээ, “Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч жил бүхэн тайлангаа хэвлэмэл байдлаар УИХ-д танилцуулж байсан. 2015 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлангаа тавьсан. Өнгөрсөн жил Дархан-Уул аймагт тайлангаа тавьсан. Төгсгөлийн тайлангаа аймгуудыг бүсчилсэн байдлаар хийе гэсэн төлөвлөгөө хэлэлцэж байсан үед Монголын медиа корпорациас “Ардын үг” аянаар дамжуулж Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэе. Олон нийтээр үнэлүүлье гэсэн санал ирснийг бид талархаж хүлээж авсан. Нийт 6 удаагийн хэлэлцүүлгээр тайлан тавих, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан.

Монголын медиа корпорациас санаачилсан үйл ажиллагаа нь төрийн өндөр албан тушаалтан, ялангуяа сонгогдсон, томилогдсон албан тушаалтан тайлангаа тавьдаг том соёлыг бий болголоо. Том жишиг тогтоолоо гэж би бодож байгаа. Энэ бол өнөөдөр нийгэмд маш хэрэгтэй зүйл. Өнөөдөр сонгогдоод юу хийв, амалсан хөтөлбөр нь яаж хэрэгжиж вэ гэдгийг дүгнэж цэгнэдэг зүйл тааруухан байгаа. Тийм учраас бид Монголын медиа корпорацид талархах ёстой. Яагаад гэвэл төрийн өндөр албан тушаалтнууд эргээд сонгосон хүмүүстээ тайлангаа тавьдаг том соёл, жишгийг тогтоож чадлаа” гэв.

Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон иргэд  буюу Ардын экспертүүд 1-10 хүртэлх онооны итгэлцүүрээр дүн тавьсан юм.  

  1. Гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд хийсэн ажилд нь 10-аас  8.9 оноо.
  2. Монгол хэл бичиг, Монгол өв соёл, Монгол түүх, Монгол судлал, Монгол хүнээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.4 оноо.
  3. Шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.1 оноо.
  4. Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.7 оноо.
  5. Иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.8 оноо тус тус өгчээ.

Мөн үеэр гол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг харуулсан Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт боллоо. Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайханд хүлээлгэн өгөв.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ